ФИЛОСОФИЙН ШИНЭ СЭДВҮҮД




ФИЛОСОФИЙН ШИНЭ СЭДВҮҮД 

 

Хүний оюуны тухай философи ба түүний сэргэн мандалт.

Хүний “оюуны” буюу “майндын” тухай философийн оргил үеийг Рене Декарт, Иммануел Кант, Давид Хюмэ гэсэн философчидтой холбон тайлбарладаг. Тэдний бичиж үлдээсэн номыг судалсан орчин үеийн судлаачдын дүгнэлт дээрхи философичдын сургаалиуд хэрхэн ул суурьтай болохыг баталдаг. Үүний хажуугаар Фридрих Хегелийн “майндын феноменологи” ном ч бас хүний оюуны тухай л өргөн фронтоор нухацтай өгүүлдэг. 

Өнөөдөр философийн салбарт сонгодог асуултуудын хажуугаар оюуны тухай асуулт нилээд эрчимтэй, бас бага ч үгүй маргаантайгаар яригдаж, түүнчлэн судалгааны ажлуудын үр дүнг хэлэлцэж эхэллээ. Оюуны философийн хамгийн чухал салбар бол хүний “ухаан”. Ухаан судлал өнөөдөр эрчимтэй хөгжиж буйн шалтгаан тархины сайэнсийн амжилт мөн. Хүн хэрхэн “ухаантай” байгаа, мөн заримдаа яагаад “ухаангүй” мэт хэрэг тарьдаг тухай философчид судалгаа хийж, эцэстээ философийн бие даасан салбарууд үүссэн.

Тэр байтугай “ухаангүй”-гийн тухай сургаал явсаар “психологи” гэдэг мэргэжлийн салбар болон хувирчээ. Энэ хувьсгалын эцэг бол Сигмунд Фройд. Фройдын асуусан олон асуултын нэг болох “Яагаад хүн өөрийн хяналтаас гадуур үйлдлүүд хийдэг?”, “Хүн өөрөө ухаараагүй байхад ухаан шаардлагагүй, өөрөөр хэлбэл “ухаангүй” хэсэг олон зүйлийг бие даагаад хийчихээд байгаа”-г мэдэх гэсэн хүсэл түүнээс бүхий л амьдралын турш хариултаа нэхсэн. Үүнд хариулах гэж л Фройд бүх амьдралаа зориулжээ.

 

Фройдын психологийн судалгаа

Фройдын ухаангүйн тухай сургаалыг “далд ухамсар” гэж ташаа орчуулжээ. Хүн ухаан алдаж унаад ухаангүй байх, мөн түүний дараа ухаан орж ухаантай байх зэрэг үнэндээ далд ухамсартай ямар ч хамаагүй. Ухамсар бол философийн эртний салбар.  Фройд хүн өөрийн ухаангүй юм хийчихдэг, тэр ч байтугай хүн ямар нэг зүйлээс айх, эсвэл эгдүүцэх нь зөвхөн нэг удаагийнх биш, хэвшил болчихсон байдаг тухай судалсан. Энэ бүгдийг хүн өөрөө ч олигтой ухаарч өөрийгөө барьж чадалгүйгээр амьдралын тодорхой ситуацуудад ухаангүй хөдөлж ил гарч идэвхит амьдралд саад учруулан хүнийг хэрхэн идэвхгүй байдалд оруулдаг тухай судалжээ.

Хаана ухаангүйгийн анхдагч үүсвэр байна вэ, мөн юунаас шалтгаалж хүн сэтгэлийн доголдолтой болсныг анх удаагаа эрчимтэй, нэг ѐсондоо хүний сэтгэлийг уудлан нээх “археологчийн” ажлыг мэргэжлийн төвшинд хүртэл Фройд гүйцэтгэсэн.

Хүмүүсийн сэтгэлийн доголдлууд бүр хүүхэд байхаас л эх үүсвэртэй байдгийг Фройд олж тогтоосон. Жишээлбэл эрэгтэй хүүхэд багадаа загнуулж занчуулснаар сэтгэлд сэв сууж хожмын амьралдаа шантрах, эсвэл гаж үйлдэл хийхийн эх үүсвэр болдог бол, харин охин хүүхэд багадаа хавьтах гэж дайрсан эрэгтэй хүнээс хэт айсанаас болж эмэгтэй хүн болж хөгжих хөгжилд нь хэрхэн сөргөөр нөлөөлдөг болохыг психологийн салбар хүний ухаанд нуугдаж буй “нуугдмал”, дарагдаж буй “дарагдмал” ухаангүй гэж нэрлэдэг.

Фройдын гол зорилго дарагдаж буй, мөн хүнийг үргэлж дарамттай байлгадаг ухаангүйд хэрхэн ямар замаар ойртох арга хайх байсан ба үүнийгээ “зүүдний тайлбар” гэжээ. Хүний зүүдийг сонсож, тэндээс хүний сэтгэлийн доголдолын үүрийг олж засвар залруулга хийх нь психоанализийн гол зарчим ба үүнийг Фройд анх онолын хувьд бодож амьдралд нэвтрүүлжээ. Хүн маргахдаа амархан, бусдад буруу өгөхдөө хурдан, сэтгэл өвчтэй байх, үргэлжийн гашуудах зэрэг явдал бол хүүхэд наснаас эхлэлтэй гэж Фройд номондоо бичжээ. Бага балчираас эцэг нь хэт их мэдэмхийрч заах, эсвэл ээж нь хувийн хэрэгт нь оролцож хорих, мөн ихэд эрхлүүлэх зэрэг бүгд л эцэстээ эр хүн болж чадахгүй, бас эмэгтэй хүн болж төлөвшихгүй, бие насанд хүрсэн ч оюуны чадвар бүрэлдэхгүй, өөрийгөө удирдах чадваргүй байдгийн гайнуудаар илэрдэг ажээ.

Хүн дурлалд автагдах, эсвэл үхэл рүү татагдах гэх мэт сэтгэлийн хөдлөлүүдийн цаана тэр л бие болон сэтгэлийн холбоос болох “юманд автагдах” үүр байдаг. Бүр хүүхэд байхдаа л хүн хүсэлтэй, фантаазтай, хайр дурлалын мэдрэмжтэй, айдаг, агресив, сэтгэлээр унадаг. Зөвхөн энэ бүгдийг эцэг эх болон сурган хүмүүжүүлэгчид хэр бага наснаас зөрчилдүүлж сургаж, зөв ойлгуулж, бие даан шийдэж сургахад л хэргийн учир оршино. Фройдын гаргасан нэг сонирхолтой онол бол “би биш”, “би” ба “дээд би”. Би биш уурладаг, зугтаадаг рефлекстэй бас инстинкттэй. Эдгээр ухаангүйд хамаарна, яагаад гэвэл хүн өөрөө ухаарахгүй үйлддэг. Би болохоор рискийг тооцоолно, эргэн санана, моралийн зарчимтай. Би биш ба би хоѐрын дунд аймтгай сэтгэл, жишээлбэл нэг л удаа цахилгаанаас айсан хэдий ч айсан хэвээр, мөн гараа угаагаад салахгүй өөрийгөө албадах, архи ууж өөрийн эрхгүй донтох зэрэг. Дээд би жинхэнэ интелигенцтэй бөгөөд ойролцоогоор мэргэн гэсэн утгатай.

 

Тархи судлаачдын ололтууд

Орчин үед дэлхийн хөгжилтэй орнуудын тархи судлаачид Фройдын гаргасан “ухаангүйн” тухай онолыг баталгаажуулж, түүний хүний ухаангүйн тухай салбарт байгуулсан онцгой чадварыг магтдаг.  Хүний ухааныг судалж, түүндээ тулгуурлан хүний санамжийн тухай баталгаатай болох гэсэн судлаачдын ажил хөдөлмөр өнөөдөр эрчимтэй явагдаж байна. Яагаад гэвэл орчин үед мэдлэгийн цар хүрээ ихсэж, информацийн үйлдвэрлэл асар хурдацтай хөгжиж буй эрин цагт хүний санамжийн багтаамж тэлж марталтыг багасгах боломжийн тухай ихэд анхаарах болсон. Хүн мартана гэдэг сурснаа мартана гэсэн ойлголт ба энэ хүний мэдлэгтэй шууд холбоотой. Хэрэгтэй зүйлсээ мартсанаас болж толгойноосоо гадагш гарган алдана гэдэг тухайн хувь хүнд ямар их хор хохиролтойг судлаачид ухамсарлаж, хүний төлөө ухамсарт үйл ажиллагааг эрчимтэй явуулж байна.

Хүний ухамсар бол ил тод, харин хүний ухаан бол далд нууц. Биологийн салбарт ДНА-гийн тухай судлан нээлт хийсэн Нобелийн шагналт Английн биологич Францис Крик сүүлдээ тархины салбарт ажиллаж, хүний ухааныг судалж эхэлсэн ба дэлхийн судлаачид хүний ухааны далд нууцыг ил гарган мэдэж авах гэж ямар их хичээж байгаагийн гэрч. Крикийн судалгааны чиглэл хүн “ухаан алдах” ба “ухаан орох” үед хэрхэн мэдрэлийн системүүд ажиллаж, хүн өөрөө өөрийгөө мэдэрч эхэллээ гэх, тодруулж хэлэхэд “надад мэдээ орлоо” гэхийг юу гэж ойлгох тухай судалгаа хийсэн байдаг. Орчин үеийн тархи судлаачдын гол барьж буй чиглэл хүний оюун гэдэг тусдаа биш харин тархины невронуудаас хамааралтай. Тиймээс материас салган судлах боломжгүй гэсэн чиглэл.

Өөрөөр хэлбэл хүний бодол, төсөөлөл, санамж, мэдрэл, сэтгэл, мэдрэмж гэх мэтийг ямар нэг байдлаар багажны тусламжтайгаар хэмжиж тогтоох боломж бий гэсэн таамаглал тархи судлаачдын үндсэн байр суурь. Хүн ухаантай байна гэдэг тархи судлаачдын хувьд дараахи дөрвөн шинжийг агуулах ажээ. Үүнд: мэдрэлийн эрхтнүүдийн мэдээнүүд мэдрэгдэн хүн орчин тойрныхоо үйл явцын утгыг бас эрч хүчийг мэдрэх, ментал төлөв ба ажиллагаа, бодол, төсөөлөл, санах, эмоц, шаардах, мөн төлөвлөх, хүсэх, үйлдэл гүйцээх. Энд нэрлэсэн бүхий л шинжүүд магадгүй хүний тархины аль нэг хэсэгт гэмтэл үүсэхэд явагдах боломжгүй, өөрөөр хэлбэл ажиллах боломжгүй болох гэнэ.

Орчин үед тархи судлаачид хүний ухаан бол зөвхөн хэдэн невронуудын үйлдлүүд гэсэн тайлбар. Тэр невронуудын үйлдсэн үйлдлүүдийг хүмүүс мэдрэл, когиниц, сэтгэл эсвэл хөдөлгөөн гэж нэрлэдэг ажээ. Тархин дотор ухаан байна гэдэг зөвхөн макрофизик, биохими ба физиологийн механизмуудын үйлдлийн үр дагавар гэнэ. Тиймээс ухаан ба бие гэсэн хоѐр зүйл байхгүй гэж эхэллээ. Зөвхөн бие гэж л бий, тэр биеийн үйлдлүүдийг ухаан гэж нэрлэжээ гэсэн дүгнэлтэнд тархи судлаачид хүрчээ.

Өөрөөр хэлбэл хүмүүс ухаантай эсвэл ухаалаг гээд буй зөвхөн л тархин доторхи невронуудын гялс манас хийхийг л хэлээд буй. Тэгэхээр хүн тархиныхаа юу хийхийг л хүлээгээд суухаас биш өөрөө нэг их ухаараад шийдэж байгаа биш ажээ гэсэн энгийн дүгнэлтэнд ч хүрч болохоор. Гэхдээ л энэ бүгд өнөөдөр огт тодорхойгүй бөгөөд судлаачдын анхаарлыг улам бүр татсаар.

 

Оюуны философийн судалгааны салбарууд

Философичдын тайлбарлаж байгаагаар эмпирийн салбаруудтай ажилладаг философийн чиглэлүүд анхнаасаа тайван байгаагүй. Натурын философи явсаар физик болсон, рационал психологи явсаар эмпирийн психологи болсон.

Өнөөдөр оюуны философи невроны мөн когницийн сайэнсаар солигдож, хүний ухааны талаар шинэ ойлголт гарч ирэх тун ойртжээ.  Философийн олон зуун жилийн асуултууд, методтой бодлын аргууд мөн ухагдахуунуудын цэгцлэл, өөрөөр хэлбэл нарийвчлал зэрэг эцсийн эцэст шинэ салбар үүсэж, оюуны сайэнс болон ухааны тухай шинэ онолууд бүтээхэд тус болох ирээдүйтэй. Гэхдээ л хэзээ нэг цагт философийн үүрэг тэгсгээд дуусах ажээ.

Мэдээж тэр дуусах хугацааг ойролцоогоор 100 гаруй жил болов уу гэж таамаглаж байна. Яагаад гэвэл тархийг бүрэн дүүрэн судалж ухаан гэж байхгүй, бас оюун гэж байхгүй гэсэн баталгаанд хүртэл асар их судалгааны ажил хүлээж буй. Энэ ажлыг Галилей хэрхэн огторгуйн тухай таамаглал гаргаж, түүнээс хойш хэдий хугацааны дараа физик өнөөдрийн асар өндөр хөгжлийн төвшинд хүрсэнтэй мэргэжилтнүүд зүйрлэж байна. Натурын бүх юмс ердөө л адилхан атом молекулуудын цуглуулгаас тогтохыг физикчид илрүүлж чадсан. Тэгвэл тархийг ч бас судлаад ердөө л хэдхэн энгийн механизмаар хүсэл, сэтгэл, төсөөлөл ажилладаг, тэд хоорондоо ялгагдах онцын зүйлгүй гэсэн дүгнэлтэнд тархи судлаачид хүрэх гэсэн цаад учиртай.

Өөрөөр хэлбэл хүний ухаан, санаа, мэдрэмж бүгд л тархины үйлдлүүд бөгөөд маш энгийн юу ч нууц биш гайхах юмгүй хялбархан гэсэн л ойлголтонд хүрэх. Нэгэнт л ойрын 100 жилд дээрхи судалгааны ажлын үр дүн гарахгүй тул философичдын хийх ажил чамлалтгүй их ажээ. Өнөөгийн философичдын нэг асуулт бол хүн хэрхэн “ухаантай мэдэрч”, бас “ухааралгүй мэдэрч” байгаа хоѐрын ялгааг тодруулах. Одоогоор философийн мэргэжлийн гурван дэд салбарт хүний ухааны талаар судалгаа явуулж байна. Нэгдүгээрт, шинж чанарын дуализм, хоѐрдугаарт, интеракционы дуализм, гуравдугаарт, идентитэтийн тэори. 

Шинж чанарын дуализм гэсэн ойлголт ментал процесууд заавал невронууд оролцолгүйгээр биш бие даан явагддаг гэнэ.

Жишээлбэл хүн өвдөнө, эсвэл өвдөж байна гэж буй невронууд өвдөх гэдгийг үйлдэж буй биш, харин хүний өвдөхийн тухай хэлэх, булчин шөрмөсний ажиллагаа, мөн хүн өвдөх тухай мартаагүй байх гэх мэт процесууд ажээ.  Интеракционы дуализмын үед менталын ба невроны процесууд харилцан хамааралтай ажиллана. Жишээлбэл хүний шийдэл үйлдлийн шалтгаан, мөн мэдрэмжүүд мэдрэмжийг хэрхэн илэрхийлж буй шалтгаанууд. Өөрөөр хэлбэл хүн гараа өргөх нь хүний өөрийн ухаарч хүссэн хүсэл байхаас биш тархи судлаачдын хэлсэнээр гараа өргөхөөс өмнө тэртэй тэргүй невронуудаа гялс хийлгээд гарыг хүний өөрийн хүслээс түрүүлээд өргүүлчихдэг гэсэн онолын зөрчил.

Идентитэтийн теори хүний ухааны үйлдэл ба хүний нервийн идэвхижилт хоѐрыг яг ижлээр буюу идентитэтлэж тайлбарлаж болох уу гэсэн асуулт. Өөрөөр хэлбэл хоѐр процес яг ижил явагдах уу гэдгийг тодруулах. Жишээлбэл хүн арван жилийн сургуульд хамт сурч байсан найзтайгаа уулзалдахгүй байсаар 20 жилийн дараа уулзана гэвэл мөн байна гэж таних ба яагаад гэвэл ижил байсан тул. Ухааны хувьд гэвэл хүн өвдсөн өвдөлтөө, өөрийн санаагаа мөн өөрийн хүслээ өөрөө л шууд ухаарна.

Үүнтэй төстэй хүний тархины невронууд хэрхэн тэр үйл явцыг батлах вэ гэсэн л асуулт гарч ирсэн. Оюуны философийн нэг чухал салбар бол хүний ухааны бүтэц ба үйлдэл. Хүний ухаанд хэрхэн айх, өнгөнүүд ялгах, өвдөх гэх мэт үүсдэг вэ л гэсэн асуулт. Яагаад гэвэл тархин дотор л энэ бүгд явагдах тул ямар үйл явц цаашилбал тархины хаана бас юу удирдаад айлгаад байна вэ гэсэн л асуулт. Айгаад байгаагийн эхлэл болох тэр л цэгийг тархин дотор олоод засчихвал хүн айгаад байна гэсэн хийсвэр зүйлгүй л болно гэсэн ойлголтыг өнөөдөр эрчимтэй ярилцах боллоо. Эцсийн эцэст философийн сонгодог асуултууд анхнаасаа л нэгд ухаан гэж байдаг уу, өөрөөр хэлбэл ухаан тэгээд реал уу, хоѐрт хүн гэдэг чинь бие даасан субьект шүү гэсэн статус, мөн гуравт хүн өөрөө чөлөөтэй хүссэн шүү гэсэн асуултууд байсан ба өнөөдөр ч байсан хэвээр.

Хүн субьект шүү гэсэн асуултанд хариулах гэж нео-Платочууд эртнээс л ярилцсан ба харин хүн чөлөөтэй хүсч буй хүслийн тухай бүр Аристотел ярьж байжээ. Гэтэл хүн ухаантай, өөрөөр хэлбэл ухаан гэж реал зүйл шүү гэсэн асуулт орчин үед тархи судлалаас болж асуудлын төвд тавигдсан. Ухааны тухай асуултанд хариулах боломжийг өнөөдөр тархи судлаачдын зүгээс өгөх судалгааны үр дүнгүүд харуулж буй. Харин хүн субьект гэсэн, мөн чөлөөтэй хүссэн тухай эмпирийн судалгаанууд хийгдээгүй тул цаашид зөвхөн л философийн асуулт хэвээрээ үлдэнэ.

Ерөөсөө философийн асуултууд хариулагдаж дуусахаараа цаашаа мэдлэгийн бие даасан сайэнсийн салбар болон хөгжиж, баталгаатай мэдлэгүүдийг үйлдвэрлэдэг. Харин хариулагдаж чадаагүй асуултууд цааш хариултаа хүлээсээр философийн салбартаа хоцордог. 2500 жилийн өмнөөс л эхлэн хоцорсон асуулт бүрийг хариулах гэж философийн мэргэжлийн салбар уйгагүй ажилласан хэвээр... 

 

С. МОЛОР-ЭРДЭНЭ 


Aagii
2021-11-06 05:48
Gaihaltai
Erdenetogtokh
2021-03-29 16:34
Danke
та нарын ажилд тун их амжилт хүсье
2021-03-27 13:45
ажа ажа