Хүчтэй төр л Монгол хүний чөлөөт байдлыг эрхжүүлж чадна




Хүчтэй төр л Монгол хүний чөлөөт байдлыг эрхжүүлж чадна

Арван нэгдүгээр сар 13, 2014  

Хүн чөлөөтэй байхын тулд төр хэрэгтэй. Төр хүний чөлөөт байдлыг эрхжүүлнэ. Эрхжүүлж чадсан чөлөөт байдал эрх чөлөө болох боломжтой. Эрхгүй чөлөөт байдал бол заль мэх сэргэлэнтэхээс авахуулаад хулгай дээрэм хүртэлх дур зоргын омогтой огшсон доргисон хүмүүсийн үйлдэл болж хувирна.

Хүчтэй төр байж чадвал хүчтэй иргэн үүснэ. Хүчтэй иргэн чөлөөтэй байж чадна. Хүчтэй төр гэдэг бол мэдлэгтэй, боловсролтой, чадвартай, ядаж ганц гадаад хэлээр ярьж чаддаг өөрөөр хэлбэл орчуулагчийн боол болдоггүй тийм л хүмүүс төрийн удирдах албанд ажиллахыг хэлэх жишээтэй. Хүчтэй төр шударга ёсны төр байх ёстой доо. Мэдээж хүчтэй төрийг бүрдүүлэх төрийн хүмүүс хотжсон хүмүүс байх ёстой. Хотжсон гэдэг бол иргэншсэн гэсэн үг. Монгол хүмүүс социализмын үед хотжиж иргэншсэн хэдий ч ардчилалын үед зэрлэгшиж нэг нэгийгээ 30 аад оноос илүү их хэлмэгдүүлсэн дээ. 9?-ээд оноос хойш өнөөдөр хүртэл боловсролгүй төрийн боловсролгүй ардчилалаар явж ирлээ. Тиймээс хэрхэн боловсролтой ардчилалтай болж хүчтэй төрийг бүтээх вэ гэдэг төрөөс цалин аваад төрийг төлөөлөөд явж буй тэр л хүмүүсээс хамааралтай.

Чөлөөт байдал гэдэг хүний нийгэм буюу хүмүүний нийгэм үүсгэнэ. Чөлөөт байдал гэх Англи хэл дээр “Freedom” гэсэн харин Латинаар “Liberty” гэдэг ойлголт олон зуун жилийн түүхтэй бөгөөд Монгол хүн дөнгөж л социализмын үед чөлөөт байдлаа эрхжүүлж чадсан. Үүний үр дүнд Монгол хүн эмнэлэгт үзүүлж эрүүл явах боломжтой болсон ба сургуулийн танхимууд үүсэж Монгол хүн бичиг үсэгтэй болох боломжоор хангагдсан. Бичиг үсэггүй байсан олон зуун жилийн түүхэндээ Монгол хүн ямар л эрх чөлөө ярих билээ.

Тэгш байдал гэдэгтэй адил чөлөөт байдал бол нэг бол эрхтэй эсвэл эрхгүй. Хүний тэгш байдал эрхээр хангагдвал тэгш эрх болно. Харин хүний чөлөөтэй байхыг эрхээр хамгаалсаныг олон улсын хэллэгээр либертари, либерализм гэх мэтээр нэрлэдэг.

Чөлөөт байдал бол дураараа дургиж зэрлэг хэлбэрт орохыг хэлэхгүй. Хөдөө морьтой давхиж яваа хүн чөлөөт биш харин дураараа. Түүнд ямар ч эрх чөлөө байхгүй. Мэдээж Монгол хүний өнөөгийн нийгэмд чөлөөт байдал болон тэгш байдал гэсэн хоёр ойлголт хууль эрхийн мэргэжлийн түвшинд тайлбарлаж тодорхойлж чадаагүй тул бүрхэг хэвээр.

Эрхтэй байх ёстой чөлөөт байдал гэдэг хүн өөрөө биеэ даагаад ажиллаж амидрах боломжтой байх ёстой. Үүний тулд бас хэнээс ч юунаас ч хамааралгүй сурч боловсрох боломжоор бүрэн хангагдасан байх чухал. Үүнийг бас л төр баталгаажуулна. Зуун жилийн өмнө болон түүнээс өмнө Монгол хүнд хэзээ ч ийм чөлөөт байдал байсангүй. Зөвхөн социализмын үед л Монгол хүн сурч боловсрох чөлөөт байдалаа эрхтэй болгож чадсан.

Өнөөдөр Монгол хүн сурч боловсрох гэхээр чөлөөт биш. Яагаад гэвэл оюутны тэтгэлэг яагаад ч залуу хүмүүсийг ээж ааваасаа хамааралгүй өөрийгөө аваад явах тийм боломж олгох хэмжээнд биш. Тиймээс залуучууд чөлөөт биш харин бусдаас хамааралтай. Ээж аавууд ч гэсэн өөрсдөө цалингаараа хангалттай амидрах тийм боломжгүй тул тэдэнд нийгмийн чөлөөт байдал байхгүй. Цалин амидралд хүрэхгүй байна гэдэг бол чөлөөт байдал биш баригдмал боогдмол болон хоцрогдсон байдалд орхигдсон гэсэн ойлголт.

Өнөөдөр Монгол хүний чөлөөт байдлыг эрхжүүлэх тэр хүчтэй төр хэрэгтэй болжээ. Чөлөөт байдал гэдэг сонгох болон шийдэх чөлөөт байдал. Хүн өөрийн гэсэн сонголт хийх тийм боломж Монгол хүнд бий билүү? Хүн өөрөө бие дааж шийдэх тэр шийдэл Монгол хүнд бий билүү? Цалин амьдралд хүрэхгүй байхад ямар сонголт ярих вэ? Оюутны тэтгэлэг хүрэлцэхгүй байхад ямар өөрийн шийдэл ярих билээ.

Хятад, Япон, Өмнөд Солонгос гэх мэт орнууд 20-р зууны эхэн болон дунд үед ядуу мөнгөгүй л байцгаасан. Гэхдээ тэдэнд хоёр зүйл байсан. Нэгдүгээрт тэдэнд эрдэм байсан. Энэ бол тэвчээр хатуужил болон сурч боловсрох хичээл зүтгэл. Хоёрдугаарт тэдэнд мэдлэг байсан. Энэ мэдлэг улс орноо бүтээн босгож хүн бүрийг ажил хөдөлмөртэй болгож чаджээ. Ингэж эрдэм мэдлэгтэй хослож чадвал улс орон хөгжинө. Азийн энэ орнууд өөрсдөө бол эрдэмтэй байсан. Харин мэдлэгийг Өрнөдийн орнууд ялангуяа Европоос суралцсан. Монгол хүний хувьд эрдэм гэдэг байхгүй тул зөвхөн үлгэр домог яриж зан заншил уламжлалт ёсондоо баригдсан. Түүнээс өөр дээгүүр эрдэм үгүйлэгддэг. Мэдлэгийг Өрнөдийн орнуудаас очиж сурах гэхээр төрийн зохимцуулалт байхгүй. Яагаад гэвэл төрийн үйл ажиллагааг намууд зогсоосон. Тиймээс Монгол хүн намуудад баригдсан тул чөлөөт биш.

Либерализмыг яриад буй хүмүүс зөвхөн улстөрийн талаас л ярихаас биш ёс суртахууны либерализм, нийгмийн либерализм, ажил хөдөлмөрийн либерализм болон мэдлэг боловсролын либерализм ярихгүй байх жишээтэй. Тэдний ингэж туйлшрахыг харахад гайхмаар явцуу боогдмол харагддаг. Мэдээж тодорхой тооны залуу үеийг улстөржүүлж хайрцагладаг тул либерализм гэсэн гоё ганган үгээр дамжуулан зөвхөн нэг л зорилготой байдаг. Тэр зорилго бол намын дэргэд намын сүүдэрт хүүхэлдэй болон амидрах гэсэн залуусын өрөвдөлтэй нөхцөл байдал шүү дээ.

Хүний чөлөөт байдал гэдэг төрийн зорилго болохоос тухайн хүний хувийн асуудал биш. Дураар дургих бол хувийн хүсэл. Харин чөлөөт байдал нийгмийн үнэт зүйл. Нийгэм байхгүй бол өөрөөр хэлбэл төрт нийгэм байхгүй бол чөлөөт байдал ярих ямар ч боломжгүй. Мэдээж Монгол хүн төрт нийгэмтэй зөвхөн социализмын үед л танилцсан. Түүнээс өмнө хэзээ ч Монгол хүнтэй төрт нийгэмтэй байсангүй.

Чөлөөт байдал гэж юу вэ гэдгийг эхлээд тодорхойлж чадвал түүний дараа эрхээр хамгаалах уу эсвэл эрхээр хорих уу гэдэг асуудал шийдэгдэнэ.

Монгол хүний мэдэж боловсрох гэсэн тэр чөлөөт байдал хоригдож мухар сүсэг хэтэрхий ихсэж ШУА болон Их дээд сургуулиудыг эзлэжээ. Нийт хүмүүс маргаашийн ирээдүйгээ төлөвлөж чадах хөрөнгө мөнгөгүй тул айдастай. Тэр айдас дээр мухар сүсэгтнүүд тоглодог. Монгол хүн огторгуй руу харж хүн төрөлхтөний бүтээсэн физикийн мэдлэгийг сонирхож чадахгүй явсан хэвээр.

Монгол хүнийг хэзээ ч хүн төрөлхтөний бүтээсэн соёл иргэншилийн ололт амжилттай танилцуулахгүй хөндийрүүлсэн бараг л үл тоомсорлуулсан олон хүмүүс өнөөдөр нийгэмд худал мэдээлэл хийж иргэдийг мэдлэг боловсрол авах ёстой эрхтэй чөлөөнөөс хөндийрүүлж эрхгүй болгосооор л.

ШУА яагаад мухар сүсэгтэнүүдийг зөвшөөрч тэдний эсрэг ажил хийхгүй байна вэ? Их дээд сургуулиудын профессор нэртэй хүмүүс яагаад оюутнуудад мэдлэг боловсрол хүргэж мухар сүсэгтэнүүдийн эсрэг арга хэмжээ авахгүй харин ч өөрсдөө мухар сүсэг тарааж арга билиг эсвэл бясалгал гэх мэт явцуу хоцрогдсон ойлгомжгүй зүйлс сурталчилсаар л байна вэ?

Мэдээж өнөөдөр Их дээд сургуулиудыг төгссөн залуу үе шууд сэхээтэн болох боломж алга. Яагаад гэвэл их дээд сургулиудын профессоруудад сэхээтэний туршлага байхгүй. Тэдний ихэнх гадаад оронд мэдлэг боловсролоо шалгуулж хүн төрөлхтөний мэдлэг боловсролтой танилцаж хүлээн авах чадваргүй.

Төр байхгүй бол хүн чөлөөтэй байх ямар ч боломжгүй. Мэдээж дураараараа дургиж чадаж байхад арга алга гэх боломжтой. Английн философич Хоббес төр хүмүүст чөлөөтэй байх тэр эрхийг баталгаажуулах хэрэгтэй гэжээ. Мэдээж чөлөөт байдал бол хүн хөгжих чөлөөт байдалыг хэлсэн болохоос омогшиж огшиж доргиотохыг хэлээгүй.

Монгол хүний хувьд төр гэсэн ойлголттой анх удаагаа социализмын үед л танилцсан. Түүнээс өмнө төр биш овог аймаг, ноёд хаад гэх мэт хэсэг хүмүүсийн нийлсэн нутгархасан болон нийлж дайн байлдаан хийсэн дайны амьдрал нийтлэг байсан. Энэ тухай Америкийн улстөр судлаач Фукуяама “Улстөрийн журам” номондоо бичжээ.

Монголчууд 90 оны ардчилал нэртэй шинэ амьдралын хэв маягийг ирээдүйгээ болгон цоо шинэ нийгмийг байгуулж чадалгүй буцаад феодализм руу унаж хөөрөг гартаа атгасан ноёд феодалын нийгэм рүү хуйларсан. Нэгэнт социализмыг зэрлэгээр нураасан тул хүн төрөлхтөний мэдлэг боловсролыг хамт нураасан. Өнөөдөр олон хүмүүс социализмтай хамт үнэт зүйлсээ булшилж хаясанаа бага ч гэсэн ойлгож эхлэж буй бололтой.

Хүн төрөлхтөний мэдлэг боловсрол болон соён иргэншилийн ололт амжилтуудыг боловсролын системд буулгаж чадвал ирээдүй бага ч гэсэн хонгилийн цаадах гэрэл мэт харагдаж эхлэх болов уу. Үүний тулд Монгол хүнд маш их хийх зүйл байна даа. Үүний тулд тэвчээр хатуужил хичээл зүтгэл гээд л олон эрдэмүүд хэрэгтэй болохнээ. Бид өөрсдөө эрдэмтэй болчихвол шаардлагатай мэдлэгийг гаднаас суралцана шүү дээ.

Чөлөөт байдлын цаана өөр нэг чухал ойлголт бол “Freewill” нэртэй тухайн хүний ухааны чөлөөт үйл ажиллагаа. Хүний ухаан чөлөөтэй ажиллаж чадахгүй байвал өнөөдөр тийм хүнийг бие даасан хувь хүн гэх ямарч боломжгүй. Гэтэл өнөөдөр хүртэл Англи хэлний орчуулагчид олигтой орчуулж чадсангүй. Ингээд орчуулгын чөлөөт биш харин ч хоцрогдолд оржээ…