“Монголд БӨХ, УЛСТӨРЧ, БАНКНЫ ЗАХИРАЛ гэсэн гуравхан “МЭРГЭЖИЛ” байна“




"Монголд БӨХ, УЛСТӨРЧ, БАНКНЫ ЗАХИРАЛ гэсэн гуравхан “МЭРГЭЖИЛ” байна"

Б.БЯМБАСҮРЭН, IKON.MN

2016 ОНЫ 10 САРЫН 10

"Эрх чөлөө, Эрхэм үг" номоо гаргаад удаагүй байгаа Философич, доктор С.Молор-Эрдэнийг VISITOR буландаа урьж ярилцлаа. Уулзахаар товлосон газартаа ирээд түүнийг тийм ч их хүлээсэнгүй.

Ярилцлага эхлэхээс өмнө С.Молор-Эрдэнэ доктороос "Эдийн засгийн хямрал болж байхад таны номын борлуулалт яаж байна" хэмээн асуухад тэрбээр "Буурахгүй байгаа нь сайн хэрэг. Мөнгөгүй гээд ном уншихгүй гэсэн ойлголт байж болохгүй л дээ. Баян хүн ном их уншдаг гэсэн үг биш. Харин энгийн хүмүүс сурч боловсорч, мэдлэгтэй болох их хүсэлтэй байдаг" хэмээсэн юм. 

Ингээд "Чөлөөлөлтийн онол" хэмээн тодотгосон түүний шинэ ном болон Монголчуудын амьдралын хэв маяг, философийн талаарх ярилцлагаа танд хүргэе. 


-Хамгийн сүүлд “Эрх чөлөө, Эрхэм үг” хэмээх номоо гаргажээ. Эрх чөлөө яагаад Эрхэм үг болох тухайд яриагаа эхэлье?

-Тэгье. Эрх чөлөө гэдэг чинь хүн болгоны хэлээд байдаг үг биш. Манай үндсэн хуулинд байгаа энэ үг юуг хэлээд байгаа юм бэ. Эрх чөлөө гэдэг бол 2,500 жилийн түүхтэй философийн том ойлголт. Хэдэн мянган жилийн өмнөөс философичид хүмүүсийг эрх чөлөөтэй байхыг уриалж иржээ.

Тухайн үед хоёр том эрх чөлөөний асуудлыг философичид дэвшүүлэн тавьсан. Энэ нь нэгдүгээрт, хаад ноёд, баячуудаас чөлөөлөгдөх, хоёрдугаарт сүм хийдийн мунхруулгаас чөлөөлөгдөж, өөрөө хөгжих тухай асуудал юм. Францын соён гэгээрлийн хувьсгал үүнээс эхлэлтэй.

Цаашилбал хүсэх, өөрийгөө авч явах гээд асар олон эрх чөлөөнүүд байна.

Нэгэнт эрх чөлөө өөрөө хувь хүний шийдэл учраас хариуцлагатай дандаа холбоотой явдаг. Шийдсэн шийдлийнхээ үүрэг хариуцлагыг өөрөө хүлээнэ. Монголчууд эрх чөлөөг дураараа, зэрлэг, бүдүүлэг байх, онгод орох, омогших зэргээр ойлгодог нь төөрөгдөл.  

Хөдөө талд морьтой давхиж байгаа хүн эрх чөлөөтэй гэсэн үг биш шүү. Эрх чөлөө гэдэг ухамсарт үйл ажиллагаа юм.

Би энэхүү номоо хүний оюуны эрх чөлөөнд илүү чиглэж бичсэн бөгөөд хэрхэн нийгэмд хамтдаа эрх чөлөөтэй ажиллаж, амьдрах тухай өгүүлсэн байгаа. 

- Бид 1990 оноос хойш эрх чөлөөгөө олж авсан гэж ярьдаг. Та санал нийлдэг үү?

-Бид 1990 онд эрх чөлөө олж аваагүй, харин дураараа загнасан, онгод орсон, омогшсон, зэрлэгшсэн, бүдүүлэгжсэн.

Бидэнд ямар эрх чөлөө тэр үед олгогдсон бэ гэхээр энэ амьдрал чинь маш хэцүү юм байна, бидний мэддэг зүйлс юу ч биш байсан юм байна гэдгийг мэдэж авсан тэр эрх чөлөө байсан. Товчоор бол муугаа мэдэж авсан.

Монголчууд ардчиллаас хойш 20 гаруй жилийн дараа өрөнд орчихсон сууж байна шүү дээ. Нөгөө сайн сайхан амьдрал чинь хаана байна.

-Муугаа мэдэх эрх чөлөөг олж авснаар давуу талыг бий болгож чадаж байгаа юу бид?

-Муугаа мэдчихээд уг нь түүнийгээ засаад, сайжруулах ёстой. Гэтэл бид муугаа магтаад явчихсан. Муугаа мэдчихээд хөгжье гэтэл маш төвөгтэй байсан байхгүй юу.

Орос болон Зүүн Европын улсуудын бидэнд барьж өгсөн сургууль, үйлдвэр, Улаанбаатар хот чинь маш их өндөр үнээр, өндөр мэдлэгээр босож ирсэн, бид өөрсдөө хийж чадахгүй юм байна гэдгийг мэдэж авсан. Тэгээд чадахгүй юм байна гэдгээ мэдэж авчихаад мухар сүсэг, шашин, сүм хийд рүү явчихсан. Түүгээрээ өөрсдийгөө зөвтгөөд яваад байгаа. Хүн төрөлхтний их мэдлэгээс шантарсан байхгүй юу бид.

Уг нь зориг хүч ороод төвөгтэй амьдрал, хэцүү мэдлэг боловсролын өөдөөс алхах ёстой.

"БИД ОЮУНЫ ТҮВШИНД ХӨГЖИХ ЁСТОЙ. НОМ УНШИХГҮЙ БОЛ ТАРХИ, УХААН ХӨГЖИХГҮЙ"

 

 

-Тэгвэл хэцүү мэдлэг боловсролын өөдөөс алхах, эрх чөлөөтэй байхад бидэнд юу юу саад болж байна вэ?

-25 жилд бидний босгосон эрх чөлөөний саадууд байна. Олуулаа нийлж байгаад нэгийгээ хөгжихийг зогсоодог. Нийгэмд онцгой, содон, гоц байхыг зөвшөөрдөггүй. Ээжүүд мухар сүсэг ярина. Суудлаа засуулна, цаанаасаа зурсан зураг, заяаны хань ч гэх шиг. Энэ хорвоо дээр заяаны хань гэж байхгүй шүү дээ.

Тэр ч байтугай аавууд хүүгээ юм л бол бөх, улс төрч эсвэл банкны захирал болгоно гэдэг. Ерөөсөө Монголд ийм л гурван мэргэжил байна. Энэ гурвын цаана мөнгө байдаг. Нэг их мэдлэг боловсрол, авъяас чадвар хэрэггүй.

Бид мухар сүсгээс болоод орой хумсаа ч авч, үсээ ч засуулж чадахгүй байна. Долоо хоногийн ажил эхэлчихээд байхад чинь муу өдөр гээд Мягмар гарагт ажил явуулахгүй байна. Болохгүй шүү дээ. Амралтын өдөр чинь Бүтэн сайн өдөр биз дээ.

Орчин үе ирчихээд байхад яагаад бид мухар сүсэгтээ хорогдоод байгаа юм. Яагаад хачин хачин хүмүүсийн үгэнд энэ мэтчилэн үнэмшээд байгаа юм.

Мухар сүсэг, Буддын шашны юунд нь хорогддог юм бэ. Лам боловсролгүй шүү дээ. Тэднээс бид юугаа асууж, ямар зөвлөгөө авах вэ.

Бид дэндүү арчаагүй байна. Харахад сайхан орчин үеийн хувцас, солонгос косметик хэрэглэчихсэн. Гар утас нь гайхамшигтай iPhone, унаж байгаа машин, амьдарч байгаа нь байр нь тансаг. Гэхдээ тархи нь хов хоосон. Ийм сонин амьдралаар бид амьдраад байна.

-Тэгвэл бид хоцрогдлоосоо хэрхэн гарч, орчин үетэйгээ яаж хөл нийлүүлэх ёстой вэ?

-Оюуны түвшинд хөгжих ёстой. Ном уншихгүй бол тархи, ухаан хөгжихгүй. Бууз, мах идээд, цагаан сар, наадам тэмдэглэж, бөх барилдаад ухаан хөгжихгүй. Ном уншсаныхаа дараа ярилцах, ойлголцох хэрэгтэй. Энэ бүгдээс бид шантарч байгаа нь надад харамсалтай санагддаг.

Бид амьдралынхаа хачин эвгүй, урагш хөгжих, орчин үеийн амьдралаар амьдрахад саад болсон хэв маягаасаа татгалзах ёстой. Энэ амьдралын хэв маяг л бидний барьж, дарж, болгоомжлуулж байна.

-Эрх чөлөөг хариуцлага дагаж явдаг гэж та бичсэн байсан. Хариуцлагаа даах чадваргүй хүн эрх чөлөөтэй байх боломжгүй гэсэн үг. Монголчуудын эрх чөлөөг буруугаар урвуулж байгаа нь хариуцлагатай холбоотой юу?

-Эрх чөлөөг хариуцлага дагадаг. Хариуцлагаас айсан хүмүүс эрх чөлөөнөөс зугтаадаг юм. Монгол хүн яагаад өнөөдөр эрх чөлөөгүй вэ гэхээр өөрөө шийдэж, алдаа гаргахаасаа айдаг.

Би оюутан залуучуудад хэлдэг. Та нар алдаач ээ, буруутаач ээ. Ингэхгүй бол та нар хэзээ ч амьдралын туршлагатай болохгүй. Амьдралын туршлагатай гэж алдаж оносон, буруутаж зөвдсөн хүнийг хэлдэг юм. Шалгалтад унахгүй гэж ламаар ном уншуулж байхаар шалгалтдаа унаач. Зоригтой орж үзэлцээд унавал унаад, ялбал ялаад гарч ирэх чинь гоё шүү дээ.

Монгол хүн ерөнхийдөө хулчгар байгаа учраас ямар ч эрх чөлөөгүй гэсэн үг. Хүн зоригтой бол хэзээ ч лам дээр очихгүй.

-Таныг ингээд хэлэхээр хүмүүс уламжлал, ёс заншил яах вэ гэдэг?

-Наадах чинь л бидний эрх чөлөөг боогдуулж байгаа том хориг. Ёс заншил, уламжлалаар далимдуулж хүний эрх чөлөөг хааж байгаа байхгүй юу. Ямар эрх чөлөө вэ гэвэл орчин үеийн амьдралаар амьдрах эрх чөлөө. Өнөөдөр XXI зуун. Зуун жилийн өмнөх зан заншил, уламжлал чинь хоцрогдсон, уучлаарай.

Бичиг үсэгтэй болж, сургууль соёл үүсчихээд байхад яагаад ёс заншил, уламжлал яриад байгаа юм. Энэ их сургуулиуд чинь ёс заншил, сүм хийдээс хүмүүсийг салгах гэж байгуулагдсан газар шүү дээ. МУИС-ийн зорилго ч тийм байсан.

Хүн хөлөө хугалчихсан байхад хажууд нь лам ном уншаад ямар ч нэмэргүй юм байна гээд анагаахын сургууль байгуулагдсан. Шүд янгинатал өвдөж байхад ямар ч ламын дом хэрэггүй, эмчид очсон нь дээр. Тэр зан заншил, уламжлалт ёсоо одоо март.

"МОНГОЛД СЭХЭЭТЭН ХЭРЭВ БАЙДАГ ГЭВЭЛ ТЭД МӨРӨӨРӨӨ МӨЛХӨЖ ЯВАА ХҮМҮҮС"

 

 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn

-Та номдоо Монголчуудын хамгийн их цээрлэдэг үхлийн тухай бичсэн байсан. Гэхдээ арай өөр өнцгөөс?

-Монголчууд бүгдээрээ үхнэ. Грекүүд ч үхнэ. Америкууд ч үхнэ. Германууд ч үхнэ. Энэтхэгүүд ч үхнэ. Энэтхэгийн том лам бурханы маань мэгзэмээ уншиж байгаад үхэхгүй үлдчихнэ гэж байхгүй. Далай лам ч гэсэн удахгүй үхнэ шүү дээ.

Үхэл гэдэг бол амьдралын нэг хэсэг. Түүнээс айх хэрэггүй. Үхэл гэдэг бол хүний учрах ёстой онцгой нэгэн үйл явдал юм. Залуу хүн хөгшин хүний дараа үхнэ гэсэн ойлголт бас байхгүй. Тиймээс залуу хүмүүс би таны дараа үхнэ гээд яваад байж болохгүй. Харин хөгшин хүмүүс нь би чамаас түрүүлээд үхнэ гээд залууст уурлаад байж болохгүй.

Тиймээс үхэл гэдэг хувь хүний асуудал. Үүнийг ярих хэрэггүй. Харин учирч, уулзаж чадах хэрэгтэй. 

Нөгөө талд нь Монголчууд үхсэнийх нь дараа талийгаачаа хүндэтгэхгүй солиордог. Хамаатан садан, эхнэр нөхөрт нь “Та нараас болсон”, “Та нар толгойг нь залгисан”, “Та нараас болж ийм өвчин туссан” гэх мэтээр үг хаяна. 

За тэгээд алтан хайрцаг нээлгэнэ ч гэх шиг. Тэрэн шиг хэрэггүй юм байхгүй. Хайран мөнгө. Ер нь бид лам нарт дэмий мөнгө их өгч байна.Намайг үхсэний дараа алтан хайрцаг ёстой хэрэггүй. Нэгдүгээрт би Буддын шашин шүтдэггүй, хоёрдугаарт надад дахиж төрөх хүсэл байхгүй. Нэг амьдарсан болно, хангалттай.

Хүн үхэх гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал.

-Сэхээтнүүд Монголд байна уу. Тэд үүргээ гүйцэтгэж чадаж байгаа юу?

-Мэр сэр байж магадгүй. Гэхдээ хулчгар, гарч ирдэггүй, бүтээдэггүй, бичдэггүй, энэ нийгмийн зөв бурууг хэлж өгдөггүй. Монголд сэхээтэн хэрэв байдаг гэвэл мөрөөрөө мөлхөж яваа хүмүүс. Уг нь гарч ирээд ард түмнээ соён гэгээрүүлэх ёстой.

-Та Германд боловсрол эзэмшсэн. Германд философичид хэр их байдаг вэ. Тэд үүргээ хэрхэн гүйцэтгэдэг юм?

-Философич бол мэргэжил. Германд 70-80 их сургууль байдаг. Сургууль бүрт философийн тэнхим бий. Тэгэхээр хэдэн мянган философийн мэргэжлийн хүмүүс байдаг. Нийгмийн бурууг засдаг, хэлдэг, шүүмжилдэг мэргэжлийн давхарга үүссэн гэсэн үг. Тэгэхээр тэр нийгэм буруугаа мэдээд, дор дор нь засаад яваад байгаа байхгүй юу. Монголд одоо шинэлэг байна.

-Монголд философи сураад, философи зааж байгаа хүмүүс юу хийж байна?

-Тэд төөрөгдсөн хүмүүс. Хэрэглэж байгаа ном нь буруу. Зааж байгаа багш нь гадаад оронд докторын зэрэг хамгаалаагүй. Дотооддоо эргэлдчихсэн, философийн талаар буруу ойлголттой. Англи, Герман хэл мэдэхгүй гэхээр философийн нарийн мэргэжлийн номнуудыг уншаагүй гэсэн үг шүү дээ.

Тийм хүмүүс философич гээд хичээл заагаад явж байна. МУИС-ийн Философийн тэнхим бол том завхрал.

-Та Монголчуудад маш их шүүмжлэлтэй хандах юм аа.

-Философич хүн нийгмийг шүүмжилдэг. Би магтан дуулдаг, хөөргөн баясгадаг яруу найрагч биш шүү дээ. Би гярхай харна, хурц хэлнэ. Нийгэмд ийм философичид үеийн үед байсаар ч ирсэн, байх ч болно. Диваажинд л философич байхгүй байх. Диваажинд бол бүгдээрээ аз жаргалтай. /инээв/


.
2021-04-29 16:51
Дүү нь 16тай...үе тэнгийнхэндээ би оогт зохицдоггүй зожиг өссөн учраас интернэттэй танилцсан...тэнд олон сайхаа сэтгэлтэй хүмүүсийн үнэгүй хичээл боловсрол ухаарал мөн цогц сургалтын хөтөлбөрүүдийг сурц мэдэж өдийг хүрсэн...хувьдаа өөрийгөө их содон чухал ховор хүн гэж боддог...гэхдээ үүнд ч мөн буруу байхгүй дээ...манай эцэг эх хоёр хариуцлаггүй улсууд үүнийг ойлгож мэдэхгүй...тийм нөхцөл байдалтай хүүхдүүд маш олон шүү дээ...тэд нарт зориулж тусгай хүүхдэд сонирхолтой контент(сайн чанарын бичлэг, хүүхэлдэй, зурагт ном төрлийн) юм бэлдэж хиймээр санагдлаа
Киоширо
2021-04-20 03:27
Монголд дутагдалтай мэргэжил бол философич
Bilguun
2021-04-19 06:46
Mongolchuud minii medeh hamgiin hun muutai uls.terniig n helheer barij idne...uujuu saihan setgeltei ch geh shig.
Үг
2021-04-19 02:26
... агуйн хомоэректусуудад энэ таны ярьж байгаа зүйл дэндүү ахдана, тэгэхээр тэдэнд зориулсан тусгай булан нээх хэрэгтэй болов уу гэж мунхаглан санаж байна...